Ариун Сүнсний Үйлс
“Элч нарын Үйлс” гэгддэг энэ номыг уншиж эхэлмэгц “Ариун Сүнсний Үйлс” гэж нэрлэмээр санагдана. Гэвч номыг нэрлэсэн нь Бурхан биш, хүмүүс гэдгийг бид мэднэ. МЭ 324- 420 оны хооронд, Кодекс Ватиканус, Кодекс Безаэ, болон Иеромэ зэрэг томоохон зохиолуудад, Гэгээн Лукийн элч нарын үйлсийн талаар бичсэн уг номыг "Элч Нарын Үйлс" хэмээн дурдсан нь, өдгөө номын нэршил болж тогтжээ. Зохиолч Лук, Шинэ Гэрээний хамгийн чухал “номыг” бичиж буйгаа өөрөө ч мэдээгүй биз. Ингэж итгэлтэй хэлэх шалтгаан бий. Харь хүн, өндөр боловсролтой эмч, Антиохын Лук энэ бичвэрийг Эрхэм Дээд, Ноён Теофилд зориулан бичсэнийг бид Үйлс номын 1 дүгээр бүлгээс бэлхнээ харж болно (судлаачид ч үүнийг гэрчилдэг). Лукийн Сайн Мэдээ болон Үйлс ном бол үнэн хэрэгтээ Теофилд бичсэн тайлангууд аж. Энэ талаар, манай цаг үеийн хамгийн хүндтэй Библийн багш Дэвид Павсон дараах онолыг дэвшүүлжээ:
“Ромын ёсонд шүүгч, эсвэл өмгөөлөгчийг Эрхэм Дээд гэж цоллодог байв. Паулыг анхны удаа Ромд хоригдоход, өмгөөлөгч нь Теофил байсан гэж таамаглая. Теофил тэгэхээр, “За Паул минь! Би чамайг өмгөөлж, энэ гяндангаас эсэн мэнд гаргахын тулд чи надад бүгдийг, А-Я хүртэл ярих хэрэгтэй байна. Өчүүхэн жижиг деталийг ч бүү орхигдуул. Чи ер нь яаж яваад Ромын иргэн болсон юм? Энэ Есүс гэгчтэй хэрхэн уулзсан юм? Шүүгчийн өмнө чамайг өмгөөлөхөд хэрэг болох бүгдийг надад хэлээд орхи” гэсэн байж таарна. Тэгэхэд нь Лук, “Би танд бүгдийг бичиж, илгээе” гээд энэ хоёр тайлангаа бичсэн болов уу”(Unlocking the Bible. David Pawson.)
Гэвч Лукийн энэ “тайлангуудаас” түүнийг сайн мэдээг түгээх, хүмүүсийг авралд дуудах чин хүсэл тэмүүлэл, давхар зорилго нь илэрхий харагдана. “Үйлс” номд нэлээд далайцтай тооцогдох учиртай олон үйл явдлуудыг орхигдуулсан бөгөөд, Лук зориудаар, тодорхой зорилго, санаа агуулж үйл явдлуудыг сонгон бичсэнийг судлаачид онцолдог. Тэгж үзвэл, тэрээр 2:17 ишлэлд, Петрийн “Эцсийн өдрүүдэд би бүх хүн төрөлхтөнд сүнсээ цутгана” хэмээн эш татан номлосныг бас зориудаар бичиж,үлдээжээ. Хэрэв тийм бол, Аврал нь харь хүмүүс болох Ромчуудад ч өгөгдсөнийг Ромын Шүүх Тэнхимээс, өмгөөлөгч Теофилын амаар дамжуулан хэлүүлэх нь сайн мэдээг зарлах хамгийн мэргэн төлөвлөгөө биш гэж үү? Дэвид Павсоны хэлснээр, Лук номлогч биш, харин гайхалтай чадварлаг бичээч байсан юм.
Зохиогч, Паулын өмгөөлөгчид зориулан энэ номыг буюу тайланг бичсэн юм байж. Тэгвэл тэнгэрлэг хянан тохиолдуулагч болох Бурхан, яагаад Теофилд бичсэн тайланг, Библид оруулж, бидэнд уншуулахаар шийдэв? Үйлс номыг уншихдаа та бид хоёр энэ асуултын хариуг эрэлхийлэх учиртай юм. Энэ номд Авралын дөрвөн үйл явц (Гэмшил, Итгэл, Усан баптизм, ба Ариун Сүнсээр баптизм хүртэх), ба Сайн Мэдээний тулгуур гурван чулууг (Бурханы Хаанчлалыг тунхаглах-ҮГ, Есүсийн нэр дээр номлож, эдгээж, үйлчлэх- ҮЙЛС, тэгээд Гайхамшиг ба Тэмдгүүдээр Үг ба Үйлс нь батлагдах- (АРИУН СҮНСНИЙ ХҮЧ) тодорхой бичиж үлдээснээрээ, Шинэ Гэрээний түлхүүр, Сүм ба Сүмийн өсөлт, Авралын Сайн Мэдээг бүх дэлхийд тараах Агуу Захирамжийн гарын авлага мөн гэж судлаач, теологичид үздэг. Хэрэв та анхааралтай уншвал яг л энэ загварыг хаа сайгүй олж харна.
Чухал асуултаа дахин тавья! Бурхан биднийг Лук эмчийн бичсэн энэ тайланг унших ёстой гэж яагаад үзэв? Үйлс номыг та ийм нүдээр уншаад үзээрэй. Ариун Сүнсний та бидэнд юуг илчлэх бол гэхээс тэсэн ядаж байна.